Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн ихэнх сумдын нутаг Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгийн зарим сумын нутгаар салхины хурд 15-20, зарим үед 24-26 метр секунд хүрч хүчтэй салхилан шороон шуурга шуурч байна.
Хүчтэй салхи, шороон шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гуравдугаар 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус байна.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар