Өмнөд Солонгос энэ сарын сүүлчээр 5-11 насны хүүхдүүдийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна гэж Ёнхап агентлаг Дотоод хэргийн сайд Жон Хэ Чулаас иш татан мэдээллээ.
Өмнөд Солонгосоос өмнө вакцинжуулалтын хөтөлбөрийг нэвтрүүлсэн улс орнууд “аюулгүй, үр дүнтэй” байгааг баталсан гэж Дотоод хэргийн сайд хэлсэн байна. Үүний зэрэгцээ, 11-ээс доош насны хүүхдүүд COVID-19-ээр өвчилсөн нь тус улсын нийт тохиолдлын 15% -иас давсан талаар мэдээлэл өгчээ.
Гуравдугаар сарын 31-нд улсын хэмжээнд 1200 эмнэлэгт тогтоосон насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхлэх бөгөөд Pfizer Inc-ийн вакциныг тарих гэнэ. Мөн 3 сар гаруйн өмнө COVID-19 вакцины хоёр тунг хийлгэсэн 12-17 насны өсвөр насныхан энэ долоо хоногт нэмэлт тариа хийх боломжтойг сайд мэдэгджээ.
Тус улсын Засгийн газар коронавирусын омикрон хувилбарын тархалтын давалгаа энэ долоо хоногт оргил үедээ орно гэж таамаглаж байна. Өмнөд Солонгост коронавирусын халдварын тохиолдол хэд хоног дараалан нэмэгдсээр байгаа аж. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн (KDCA) мэдээлснээр өнгөрсөн хоногт COVID-19 халдварын 309.790 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: INTERFAX