Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүнс болон эрүүл мэндийн салбарын стандартуудыг энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд шинэчилэхийг Шадар сайд С.Амарсайхан стандарт, хэмжил зүйн байгууллагад өнөөдөр үүрэг болголоо.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 6819 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйгаас хамгийн олон буюу 802 нь эрүүл мэнд, 663 нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандарт эзэлж байна. Эрүүл мэнд болон хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай тул цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан зарим стандартыг нэн даруй өөрчилж, шинэчлэх, шаардлагагүй хэсгийг нь хүчингүй болгох зэргээр эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр болсон Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо онцлов.
Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшний 2018 оны улсын үзлэгээр эрүүл мэндийн салбарын 407 стандартыг дахин хянаж, шинэчлэх дүгнэлт гаргаснаас одоогоор 31 буюу 7.6 хувийг нь шинэчилжээ. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт нийт 570 стандартыг дахин хянаж шинэчлэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан ч 64 стандартыг л хянаж шинэчилсэн нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Шадар сайд анхааруулсан юм.