Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоос барилгын стандарт, дүрмүүд яагаад хэрэгжихгүй байгаа талаар тодрууллаа.
Тэрээр “Барилгын норм, стандарт нь барилгын хувь заяаг тодорхойлдог. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 408 норм, дүрэм бий. Эдгээрээс хэд нь хэрэгжихгүй, давхцаж байгааг шалгаж үзлэг хийнэ. Энэ 408 дүрэмд барилгатай холбоотой бүхий л зүйл харьяалагддаг. Одоогоор шинээр боловсруулж буй 100 гаруй норм бий.
2014 оноос хойш норм дүрэмд үзлэг хийгээгүй юм билээ. Үзлэгээр давхардсан, хэрэгцээгээ хангахаа больсон нормуудыг хасна. 2014 онд нийт 20 гаруй нормыг хуучирсан гэх шалтгаанаар хасаж байсан. Барилгууд нормын дагуу баригдаж байгаа эсэхийг явцад нь шалгаж хянах боломжтой ч хүмүүсийн хариуцлагаас шалтгаалан норм хэрэгжихгүй байна. Барилга, хот байгуулалтын стандарт, хот байгуулалтын тухай хууль зэрэг техникийн бичиг баримтуудыг уялдуулах ёстой.
Монгол дахь стандартууд чанартай ч хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд ямар нэг барилга баригдах ёсгүй. Гэвч эргэн тойронд байтугай хашаанд баригдсан асуудлууд бий. Тиймээс цаашид тухайн норм яагаад хэрэгжихгүй байгааг шинжилж олно. Ямар нэг хийдэл гарсан байж магадгүй” гэв.