Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа эрэгтэйчүүдтэй холбоотой зарим мэдээллийг танилцуулсныг хүргэж байна.
Тэрбээр “Жендэр гэдэг үгийг сонсохоор эмэгтэй хүний эрхийн тухай яриа гэдэг ойлголт толгойд шууд буух нь бий. Угтаа жендэрийн хөгжил гэдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, тэднийг нийгмийн харилцаанд оролцох, хөгжих тэгш боломжоор хангах тухай юм. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг түлхүү ярьж, хэлэлцэж ирснээс энэ тэнцвэр алдагдаж эрэгтэйчүүдийн асуудал тойргийн гадна үлдэх байдал анзаарагдаж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих байдал их байгаа учраас анхаарлын төвд орох нь аргагүй. Нөгөө талд эрчүүдийн маань эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлт, орлого, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, үнэт зүйл гээд олон асуудал бий. Тэдгээрийг тойргийн төвд оруулъя. Эмэгтэйчүүдийн асуудалтай энэ тэнцүү авч үзье.
Эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ ямар байна вэ? Дахиад тоогоо “нухъя”.
Монголд 1 сая 600 мянга гаруй эрчүүд бий гээд тооцвол нэг эмчид 21 мянга 600 гаруй хүн оногдоно. Эрчүүдийн асуудалд анхааръя гэвэл эндээс л эхлэх ёстой. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, үйлчилгээний чанар, хүртээмжийг хамгийн түрүүнд тавихаас өөр аргагүй.
Нас барсан эрэгтэйчүүдийн дунджаар
- 20 хувь нь зүрх судасны өвчний,
- 15 хувь нь хавдрын өвчний,
- 13 хувь нь гэмтэл, хордлогын шалтгаантай байна.
Эрчүүдийн маань боловсрол юу билээ. Тэд хаана, юу сурч байна, эсвэл яагаад суралцаж чадахгүй байна вэ? “Тоо”-гоо харахад тольдсон юм шиг тодорхой үзэгдэнэ.
Тавин хувьд хүрсэн үзүүлэлт алга. Өнөөх тэнцвэр бас л алдагджээ.
Эмэгтэй хүүхдээ илүү боловсролтой болгоё гэдэг нийтлэг хандлагын үр дагавар болов уу. Боловсролын ялгаанаас хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин орлогын зөрүү, хандлагын зөрчил, амьдралын чанарын ялгаа гээд олон чухал асуудал салаална. Тоохгүй өнгөрөхөөр жижиг асуудал биш.
Тэгвэл эрэгтэйчүүд маань хаана ажиллаж байна вэ?
Хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, жижиглэн болон бөөний худалдааны салбарт түлхүү ажиллаж байна. Барилгын салбарт ажиллагсдын 87 хувь, уул уурхайн салбарт ажиллагсдын 82 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрэгтэйчүүдийн тоо цөөн” гэжээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам