Түүх өгүүлье. 1978-79 онд Монголд юу болов?
БНХАУ-ын талаас, “Зөвлөлтийн цэрэг Зөвлөлт-Хятадын хил орчим дэндүү их байгаагаа цөөлж, Монгол Улсаас цэргээ бүрэн гарга” гэж шаардсан ноот бичгийг 1978 оны 3 сарын 26-нд ЗХУ(Орос)-д өгсөн байна. Брежнев нэн яаралтай хөдөлж 4 сарын эхээр буюу хэдхэн хоногийн дараа Сибирийн болон Номхон далайн бүсийн цэргийн тойргуудаа эргэж, Хятадын хилийн дагуух цэргийн хүчээ нэмэгдүүлж, тусгай зориулалтын хүч байрлуулж, ахан дүүсийн харилцаат социалист орнуудыг, аюул тохиолдоход нь батлан хамгаалах болно гэж мэдэгдэв.
Тэр үеийн Хятад улс 3.6сая цэрэгтэй байсан ба 1сая 500 мянган цэргээ ЗХУ, Монголын хил дагуу буюу үндсэндээ Монгол улсын хилийг өмнөөс нь хагас тойруулан байршуулж бүрэн хэмжээний дайнд бэлтэж 1950 онд ЗХУ-тай байгуулсан 30 жилийн энх тайвны хэлэлцээрээс гарснаа зарлажээ. ЗХУ Монгол руу 200мянга гаруй цэрэг нэмж оруулан өмнөд хилийн дагуу байршуулав. Монгол ба ЗХУ-ын БНХАУ-тай хиллэдэг бүс нутагт хоёр талаас нийт 3 сая гаруй цэрэг, дайны бэлэн байдалд ороод байлаа. Гэтэл Вьетнамын асуудал илүү хурцадмал болж ирсэн тул Хятад цэргээ өмнөд зүг рүүгээ татаж дараа жилийн буюу 1979оны 2 сард Вьетнам руу цөмрөн орж дайтсанаар дайны аюул Монголоос холдсон билээ.
Вьетнамын дайны сургамж
Вьетнамд амьдарч байсан суугуул хятадууд, вьетнам иргэдийн хооронд зөрчил хурцдаж 1977-78 онд ноцтой байдалд хүрчээ. Тэмцэл хурцдаж 750 мянга орчим хятад хүн Вьетнамыг орхин гарчээ. Хятад улс иргэдээ хамгаалах нэрээр 1979 оны 2 сарын 17-нд Вьетнам Улсад дайн зарлаж халдан довтолсон билээ. Хэдхэн хоногт Вьетнамын хойд талын хэд хэдэн хотыг эзлэн авч нийслэл Ханой руу орох гол зам нээлттэй боллоо гэж мэдэгдэж байв. Олон улсын шахалтаар арга буюу 3 сарын 17-нд цэргээ татаж байв.
Дүгнэвэл, аль нэг улсад гадаад иргэдийн тоо олширч зөрчил тэмцэл хурцдахад иргэдийнхээ эрхийг хамгаална гэсэн нэрийдлээр цэргээ оруулдаг арга байсаар буй юм. Одоо тэгээд хилээ нээгээд хятдуудыг визгүй оруулчихвал төлөөс нь тусгаар тогтнолын үнэтэй байж ч болох юм.
Эх сурвалж: Breakingnews.mn