Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой захиргааны байгууллагуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттайгаар Хөшигийн хөндий рүү шилжүүлэх шийдвэр гарлаа. Энэ бол улс төрийн шийдвэр. Төрийн захиргааны төв байгууллага биш зарим байгууллагыг үе шаттайгаар гаргах асуудлыг судалж, санал боловсруулж үе шаттай хийх шийдвэр гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийн төлөвлөлтөд ямар байгууллагуудыг шилжүүлэх гэдгийг судалж, Улаанбаатар хотоос таталцлыг үе шаттай гаргана гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Хөшигийн хөндийд бий болох эдийн засгийн, төрийн захиргааны таталцлыг бий болгосноор хүн амын төвлөрөл үүсэх боломжтой болох юм. Ямар тохиолдолд хот таталцалтай болдог вэ гэвэл тэнд дэд бүтэц, хүмүүсийн амьдрах орчин, ажлын байр байх ёстой. Энэ ажил бол өнөө, маргааш хийгээд дуусчих ажил биш.
Бид Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын үед Засгийн газраар батлуулна. Ерөнхий төлөвлөттэй холбоотой эхний ээлжинд онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ, тээвэр ложистикийн хэсэгтэй холбоотой инженерийн дэд бүтцүүдийн зургуудын ажлуудыг хийж дуусаж байна” гэв.