Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд энэ сарын 9-10-ний өдрүүдэд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу ерөнхий үнэлгээг хийхээр болжээ. НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын хүрээнд тус үнэлгээг гуравдугаар сарын 10-11 өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас ерөнхий үнэлгээг цахимаар хийж байна.
Дээрх санаачилгын эхний үе шатыг 2010-2020 онд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хугацаанд дэлхийн 4,300 гаруй хот нэгдэн орж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлага, ололт амжилтаа хуваалцсан байдаг.
Санаачилгын зорилгыг тодруулбал, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хот суурин газрын гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох үүднээс хэрэгжүүлсэн байна.
“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Улаанбаатар болон Эрдэнэт, Дархан хот 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд тус тус нэгдэн оржээ. Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо энэ хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.