Нийгэм, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, спорт, бизнес, үйлчилгээ…зэрэг салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг “Их хотын бүсгүйчүүд” уламжлалт хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ жил шилдгээр:
- Нийслэлийн бизнесийн салбарын шилдгээр Ц.Зэс-Эрдэнэ,
- Энхийн төлөө номинацын эзнээр Б.Уранчимэг
- Нийгмийн салбарын шилдгээр А.Одончимэг
- Спортын салбарын шилдгээр МУГТ М.Анхцэцэг
- Боловсролын салбарын шилдгээр Д.Оюунцэцэг
- Эрүүл мэндийн салбарын шилдгээр Ж.Соёл
- Алдарт эх Д.Оюумаа
- Үйлчилгээний салбарын шилдгээр Д.Эрдэнэжаргал
- Соёл урлагийн салбарын шилдгээр жүжигчин Б.Одончимэг нар тодорлоо.
Ёслолын арга хэмжээний үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн мэндчилгээг Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба уламжлав. Мэндчилгээнд “…Өнөөдөр хэдийгээр охид эмэгтэйчүүд, ээжүүдийн хувьд баярын өдөр боловч бид эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ижил тэгш боломжийн талаар ярилцах нь зохистой болов уу гэж бодож байна. Монголчууд бид охидынхоо боловсролд илүү анхаарч, хамгийн их хөрөнгө оруулалтыг хийдэг. Харин хамгийн их амжилттай ажиллах, карьер ахих боломжтой насан дээрээ эмэгтэйчүүд маань гэр бүлдээ анхаарал тавих, үр хүүхдээ өсгөх шаардлагыг Монголын нийгэм эмэгтэйчүүддээ тулгадаг нь нууц биш. Үүнд хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ ч хамаатай. Улаанбаатар хотод оршин сууж байгаа иргэдийн 52 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийслэлийн хэмжээнд нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 47.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Боловсролын салбарын нийт ажиллагсдын 83.5 хувь, эрүүл мэндийн салбарын 82.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийгмийн хамгийн чухал эдгээр салбарт эмэгтэйчүүд жин дарж ажиллаж байгаа ч удирдах түвшинд, шийдвэр гаргах хэмжээнд тэднийг эрчүүд илүү төлөөлж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Эмэгтэйчүүдээ дэмжинэ гэдэг зөвхөн эрчүүдээс хамаатай асуудал бас биш. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжихийн нэр юм. Тийм болохоор энд суугаа их хотын эмэгтэйчүүд та бүхэн маань ч гэсэн бие биенээ хангалттай дэмжиж байгаарай гэж уриалмаар байна…” гэжээ.