Японы яруу найрагч, хөгжмийн зохиолч эмэгтэй Канэко Мисүзү /1903-1930/-ийн “Шувуу, Хонх, Би” шүлгийн орчуулгуудыг хүргэж байна.
金子みすゞ
「私と小鳥と鈴と」
私が両手をひろげても、
お空はちっとも飛べないが、
飛べる小鳥は私のように、
地面を速く走れない。
私が体をゆすっても、
きれいな音はでないけど、
あの鳴る鈴は私のように、
たくさんな唄は知らないよ。
鈴と、小鳥と、それから私、
みんなちがって、みんないい。
|| Сүрэнжавын Хишигсүрэнгийн орчуулга
ШУВУУХАЙ, ХОНХ, БИД ГУРАВ
Хоёр гараа алдлаад дэвсэн ч
Холын тэнгэрт нисч үл чадна, би
Хонгор шувуухай дэвэн нисдэг ч
Холбирсон талд над шиг гүйхгүй,
Хөвч биеэ хичнээн чангалсан ч
Хонх болж жингэнэн дуугарч үл чадна, би
Хөөрхөн дуугаар жингэнэх хонх
Над шиг олон дуу дуулж чадахгүй.
Хонх, шувуухай, бид гурав
Бүгд өөр өөр боловч
Бүгд өөр өөрийн сайхантай.
|| Дамдинжавын Алтанцэцэгийн орчуулга
БИ, БОЛЖМОР, ХОНХ
Би хоёр гараа дэлгэвч
Тэнгэрт огтхон ч нисэж чадахгүй авч
Нисэн дүүлдэг болжмор шувуухай харин над шиг
Газраар хурдлан гүйж эс чадна.
Би биеэ хичнээн сэгсрэвч
Уянгалаг гоё дуу эс гарах авч
Жингэнэн дуугардаг хөөрхөн хонх харин над шиг
Олон аялгуу эгшиг үл мэднэ.
Бөндгөр хонх, болжмор шувуу тэгээд би,
Бүгд ондоо нь бүгд сайхан.
|| Мягмарын Саранцэцэгийн орчуулга
Шувуухай хонх, тэгээд бас би
Гараараа би дэвээд дэвээд
Гариг эрхис өөд нисч чадахгүй ч
Гайхал шувуухай миний адил
Газраар хурдан гүйж чадахгүй шүү дээ
Хөдөлгөөд хөдөлгөөд биеэрээ, би
Хөөрхөн дуу гаргаж чадахгүй ч
Жингэнэх хонх миний адил
Зөндөө дуу мэдэхгүй шүү дээ
Жигүүрт шувуухай, жингэнэх хонх
Тэгээд бас би
Бүгдээрээн өөр өөр ч
Бүгдээрээ л мундаг.
|| Cengdukei Sartuly
БИ, БОР ШУВУУ, ХОНХ
Хөөрхий би гараа алдлаад ч
Хөх тэнгэрт дүүлж чадахгүй ч
Хөөрөн дүүлэх бор шувуу, над шиг
Хөрст дэлхийгээр чиг түргэн гүйхгүй
Ядмаг би тэргүүн юүгээн сэживч
Яруу тансаг ая дан гарахгүй ч
Жингэнэн дуугарах сайх хонх, над шиг
Живаа олон ая дууг ч үл мэдмүй
Бондгор хонх, бор шувуу
Бодолт хүн бид гурвын
Бие бүр нь ялгаатай авч
Бид бүгдээрээн хамгийн сайхан