Өчигдөр үдээс хойш Кёнбүкийн Өлжин хотоос эхэлсэн Гангвон дахь Самчёк, Ёнвол, Дунхэ, Ганнён зэрэг найман газарт тархаж хохирол нэмэгдсээр байна. Өмнөд Солонгосын хэмжээнд 8 газарт нэгэн зэрэг ой хээрийн түймэр ассан бөгөөд зарим газрын түймрийг унтааж чаджээ.
Хуурай цаг агаартай зэрэгцэн хүчтэй салхи салхилж байгаа нь ой хээрийн түймрийг хурдтай тархахад нөлөөлж байна гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.
Зарим түймрийг унтраасан ч Кангвондо, Кёнсанбүг мужид гарсан ойн түймэр хүчтэй салхины улмаас тархаж байгаа тул улсын хэмжээнд анх удаа гал түймрийн аюулаас сэрэмжтэй байх анхааруулгыг өгч эхэлсэн байна.
Ойн аж ахуйн албаныхан гуравдугаар сарын 5-ны өдрийн хохирлын тоо баримтыг гаргасан бөгөөд одоогийн байдлаар 3300 га, үүний дотор Өлжинд 3240 га, Самчеок 60 га талбай буюу 4621 хөл бөмбөгийн талбай ойн түймэрт өртсөн нь сүүлийн 10 жилийн хамгийн том хохиролд тооцогджээ.
Мөн Бук-мён, Өлжин-гүн, Кёнсанбүг мужид түймрийн улмаас байшингууд үнс нурам болсон байна. Хүний амь нас эрсдээгүй ч зөвхөн Өлжинд л гэхэд 158 байшин шатаж, 116 айлын байшин эвдэрч, 4 цахилгаан дамжуулах агаарын шугам тасарчээ.
Өлжин, Самчеок зэрэг 35 газрын 6126 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Өлжин, Самчёкийн түймэр ойр орчмын Атомын цахилгаан станцууд, LNG үйлдвэрлэлийн баазууд, цахилгаан дамжуулах агаарын шугамд аюул учруулж байсан ч салхины чиглэл өөрчлөгдөж, хойшоо чиглэл байсан түймэр өмнөд зүг рүү эргээд байна.
Гал түймэртэй тэмцэх газар улсын хэмжээнд галын аюулын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд өгч, хээрийн түймрийг унтраахаар 57 гал унтраах нисдэг тэрэг, боломжтой хүн хүчийг дайчлан ажиллаж байна.
Түймрийн тархалт Зүүн тэнгис-Гангнунг хурдны зам, түүнчлэн төмөр замын хөдөлгөөнийг саатуулсан бөгөөд Солонгосын төмөр замын корпорац (KORAIL) 5-ны үд дундын үед Сөүлийн Чоннянгни ба Дунхэгийн хоорондох KTX-ийн хөдлөх болон буух буудлуудыг Дунхэ өртөөнөөс Ганнён өртөө болгон өөрчлөөд байгаа аж.