АХБ-ны тогтовортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг Жанхайн даваа-Тойлогт хүртэлх 38 км хатуу хучилттай авто замын ажил нээлтээ хийж, албан ёсоор эхэлж байна. Зун цагт Жанхайн даваа хүртэл зам тун чанга. Шороон замын хоёр талын ой битүү саарал өнгөтэй. Нуурын замагжилт асар их тоосжилтоос үүдэлтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Зам баригдсанаар Хөвсгөл нуур, нуур орчмын байгаль орчны энэ бүх асуудал шийдэгдэх болж байна.
2014 оны 8 сард АХБ-ны эрх бүхий захирлуудыг Хатгалд урьж ХӨХ СУВД хөтөлбөрийн төсөл, төлөвлөгөөг танилцуулж, тухайн үеийн Аймгийн дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй удирдлагуудыг байлцуулан танилцуулснаар АХБ-ны 39 сая ам долларын санхүүжилттэй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэгдсэн төсөл хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
Тухайн үеийн Байгаль орчны сайд асан Н.Батцэрэг тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын төлөөлөл, АХБ-ны удирдлагуудын хамт энэхүү төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж 2016-2019 онд Хөвсгөл аймгийн 5 сумын иргэдэд зорилсан 7 тэрбум төгрөгийн төсөл амжилттай хэрэгжсэн. Үр дүнтэй олон ажлууд хийгдсэнд нутгийн иргэд талархалтай явдаг.
Цаашид АХБ-ны төсөлтэй хамтран Хөвсгөл нуурын орчмын аялал жуулчлалын бүсийг олон улсын жишигт нийцүүлэх, томоохон соёл, амралтын цогцолборуудыг байгуулах, орчин үеийн тоноглол бүхий ариун цэврийн байгууламж барих ажлууд төлөвлөгдөж, зураг төсвүүд бэлэн болсон.
Гол хэлэх гэсэн санаа юу вэ гэхээр аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын санхүүжилтийг татах, үр дүнтэй хэрэгжүүлхийн тулд Монголын талаас маш сайн төсөл, хөтөлбөртэй, түүнтэйгээ уялдсан зураг төсөвтэй, эдийн засгийн үр ашиг, гарах үр дүн, эрсдлийн тооцоо, судалгаатай байх ёстой юм байна. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг анхнаас нь ямар ч хувийн ашиг сонирхолоос ангид хийж байж үр дүнд хүрэх ёстой юм байна аа гэдгийг харуулж чадсан гэж боддог.