Хавар, зуны улирал бол модлог ургамал тарихад хамгийн тохиромжтой цагуудын нэг билээ. Учир нь энэ үед хур их орох нь модлог ургамлын өсөлтөд сайнаар нөлөөлдөг байна.
Модлог ургамал тарихын давуу тал цөөнгүй. Агаар цэвэршүүлж, тоос, тоосонцрыг өөртөө хуримтлуулахаас гадна ногоон өнгө нь хүнийг тайвшруулах шидтэй билээ. Ингээд та бүхэнд мод тарих бяцхан зөвлөмж хүргэж байна.
1. Ямар мод тохиромжтой вэ?
Эхлээд та өөрийн амьдарч буй орчинд тань ямар мод тохирохыг сайтар судлах хэрэгтэй. Уур амьсгал, хөрсний найрлага, агаарын даралт гээд олон хүчин зүйлээс шалтгаалан модны ургах нөхцөл бүрддэг. Жишээ нь та Улаанбаатар хотод, хашаанд мод тарих гэж байгаа бол танд Гацуур, Монос, Нарс зэрэг модыг зөвлөж байна. Эдгээр нь жилийн 4 улиралд ногооноороо байдаг, үзэмж сайтай ургамал юм.
2. Суулгацад бэлтгэх
Модлог ургамлыг үрээр тарихаас илүүтэй суулгацаар тарих нь хурдан бөгөөд амар байдаг. Тиймээс суулгацаа тарихын тулд 70-80 см диаметртэй, 50-60 см гүн нүх ухаж шимт шороогоор дүүргэнэ. Шимт шороо гэдэг нь 40-50 хувийн хар шороо, 20-30 хувийн цэвэр элс, 10-20 хувийн хөх бууц агуулсан модыг ургахад нь туслах эрдэс, бордоо бүхий шороо юм. Ухсан нүхнийхээ шороог бүү хэрэглээрэй. Учир нь хот газар удсан хөрсний эрдэс, шим нь муудсан байдаг бөгөөд хортой ч байж болзошгүй юм.
3. Суулгацаа тарих
Модныхоо суулгацыг тарихдаа нүхний голд тэнцүүлэн байршуулж, үндсийг нь хугалахгүйгээр жигд тарааж суулгах хэрэгтэй. Учир нь үндэснүүд харилцан адилгүйгээр суусан тохиолдолд модны өсөлт алдагдах, далийж мурийх зэрэг сөрөг нөлөөтэй. Суулгацаа тарьсны дараа хөрсийг сайтар гишгэж нягтруулаад нэг модыг 60-80 литр усаар услах хэрэгтэй.
4. Арчилгаа
Нэг модыг эхний хоёр долоо хоногийн турш өдөрт 1-2 удаа 40-50 литр усаар усална. Ингэхдээ хөрсийг сайн сийрэгжүүлж, нэмэлт хөрс хийж өгөх хэрэгтэй. Харин гурав дахь долоо хоногоос өдөрт нэг удаа, сарын дараагаас 7 хоногт 2-3 удаа услах нь зөв. Модыг дээд тал нь гурван жилийн турш арчилсны дараагаар цаашид арчлах шаардлагагүй болно. Мөн модны тогоо дотор олон янзын өвс, зэрлэг ургамал ургана, тэдгээрийг тухай бүрд нь үндсээр нь сугалж устгаснаар таны модны өсөлтөд саад болохгүй.
Гэрийнхээ дэргэд модтой байх нь таны болоод, хүүхдүүдийн тань эрүүл мэндэд тустай. Гэр бүл аз жаргалтай байхын нэгэн үндэс нь эрүүл мэнд билээ.
Гацуур – 9900-350,000 төгрөг
Монос – 4900-5000 төгрөг
Нарс – 12900 төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: makegreen.mn, soyolj.mn