Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэх авто замын 22 төслийг өнөөдөр НЗДТГ-аас танилцууллаа. Эдгээр төслөөс 19 ажлын тендерийг зарласан бөгөөд шинээр орц, гарц нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил нь түгжрэл буурахад тодорхой нөлөө үзүүлнэ хэмээн мэдээлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Энэ онд нийтдээ 22 хэсэгт авто замын бүтээн байгуулалтыг хийнэ. Тодруулбал, нийт 26.95 километр зам тавихаар төлөвлөж байгаа. Нийслэлд холбогдох тендерүүд зарлагдаж, 60 гаруй хувьтай явж байна.
Эдгээр 22 ажлын тендерийн хоёр төсөл нь маргааш зарлагдана. Харин нэг замын тендерийг хараахан зарлаж амжаагүй байгаа. Нэмж хэлэхэд, эдгээр зам нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй” гэдгийг онцлов. Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэх авто замын 22 төслийн,
- 11.47 километр нь гол замын ажил
- 15.48 километр туслах замын ажил
- 1891.2 метр 80,850 метр квадрат нь гүүрэн байгууламж
- 14.35 километр нь дугуйн замын бүтээн байгуулалт байна.
Авто замыг тавьснаар түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Одбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ ”Нийслэлийн замын хөгжлийн газраас төлөвлөж буй дөрвөн гол гудамж, зам барилгын ажил байна.
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам барилгын ажил нь 2.4 километр 748.3 метр
- Наадамчдын авто замаас Энх тайвны өргөн чөлөө хүртэлх замын 3.5 километр, гүүрний барилгын ажил 483.1 метр
- Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 километр авто замын ажил
- Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтөл шинэчлэлийн ажил байна.
Улаанбаатар хот нэг төвт хотын загвараас олон төвт загвар руу шилжиж байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд гол гудамж замын сүлжээг бий болгосноор нийтийн тээврээр зорчуулах боломж бүрдэнэ” гэсэн юм.