Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа ч татвар төлдөг нь тун цөөн аж. Тухайлбал, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж 3-10 орчим өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхээр бүртгүүлсэн байна. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаа давхар эрхлэх нь түгээмэл байна.
Үүнээс харвал дээрх 294 аж ахуйн нэгжийн зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсчээ.
Нөгөө талаар олон улсад нийтлэг байдлаар хувь хүн, хуулийн этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх боломжтой байдаг. Харин манай улсад хувь хүмүүс хооронд, эсхүл банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд мөнгөн зээлийн үйл ажиллагааг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болон барьцаагүйгээр эрхлэн явуулдаг. Хэдийгээр Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд энэ нь хориглогдоогүй боловч зарим сөрөг үр дагаврыг бий болгосоор байна гэж Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр мэдэгджээ.