Цар тахал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тэр дундаа Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн олон байдаг. Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн хамрагдаж тэнцжээ.
Тэнцсэн иргэдийн мэдээллийг БНСУ-ын гадаад ажил хайгчийг бүртгэх программд оруулсан байна. Үүнээс Солонгосын тал 45 хүний мэдээллийг хүлээн авсан бол 470 хүний мэдээлэл илгээгдсэн байна. Таван хүний мэдээллийг засварлан буцааж, 33 мэдээлэл дуусаагүй, гурван мэдээлэл буцаагдсан бөгөөд бүртгэх үеийн алдааг засах хүсэлт гаргасан дөрвөн иргэний мэдээлэл байгаа аж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авсан болон илгээгдсэнээс бусад төлөвт байгаа иргэдтэй холбогдон асуудлыг шийдвэрлэж буй юм.
Гадаад паспорт, банкны тодорхойлолтын зураг шаардлага хангаагүй, урьд нь Солонгост зорчиж байсан, гэр бүлийн байдал болон холбогдох мэдээллээ алдаатай бичиж өгсөн зэргээс дээрх асуудал үүсч байгаа аж.
Иймд иргэд элдэв буруу ташаа мэдээлэлд автахгүй, илгээх үйл ажиллагааны явцад хүлээцтэй хандаж, хүндрэл учруулахгүй байхыг хүслээ. Өнөөдрийн байдлаар 2019 онд шалгалтад тэнцсэн 558, 2020 онд тэнцсэн 22 иргэнийг энгийн болон тусгай хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д илгээжээ. Харин 2019 онд шалгалтад тэнцсэн 216, 2020 онд тэнцсэн 13 иргэнд БНСУ-ын цагаачлалын албанаас цахим визийн хариу ирээд байгаа юм. Зөвхөн ажлын санал ирсэн, дараагийн үйл явц хүлээгдэж байгаа 2019 онд бүртгэгдсэн 141, 2020 онд бүртгэгдсэн 1, 2021 онд бүртгэгдсэн 29 иргэн байна.
2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэл, шалгалтын тов одоогоор ирээгүй байна. Ирсэн тохиолдолд ХХҮЕГ-ын ЭНД дарж болон пэйж хуудсаар мэдээлэх болно. Бүртгүүлэх видео зааварчилгаатай танилцах боломжтой юм.
Гэрээт ажилтан илгээгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт шаардлага үүсээд байгааг харуулсан. Цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй юм байна. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгдсэн байгаа аж. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна. Жил гаруй хугацаанд хүлээнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн газар, Монгол дахь төлөөлөгчтэй өдөр бүр холбоотой ажилладаг. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.