Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм” судалгаагаа өнөөдөр танилцууллаа. Ерөнхийд нь дүгнэвэл банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй жил болжээ.

“Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж, 41 их наяд төгрөгт хүрсэн. Гэвч санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл улам хуримтлагдаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд мөнгөний болон сангийн тэлэх бодлогын хүрээнд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлүүд олгож эхэлсэн. Зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан иргэд, ААН-үүд, хөтөлбөрийн зээл авсан ААН-үүд 2022 онд зээлээ төлж эхлэх бөгөөд энэ нь зээлийн чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Төрийн зээлийн авлагыг барагдуулдаг механизм ялзарсан байдалтай байна” гэдгийг Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар танилцуулгын үеэр онцоллоо.

Мөн зээлийн хүү буурч түүхэн доод түвшиндээ очсон болохыг Банкны холбооны зүгээс хэлэв. 2021 онд зөвхөн уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын зээл олголт нэмэгдсэн байна. Уул уурхай, хөдөө аж ахуйгаас бусад салбаруудын зээл олголт бууралттай байна. Иргэдийн зээлийн хувьд автомашины зээл хамгийн огцом буурсныг мөн онцоллоо.

2021 оны жилийн эцсийн байдлаар иргэдийн зээл олголт 38 хувь, бизнесийн зээл олголт 48 хувиар нэмэгджээ.

2021 оны банкны салбарын онцлох өөрчлөлт, цаашдын хандлага

  • Иргэдийн 10 зээл тутмын нэг нь бизнесийн зээл, таван зээл тутмын нэг нь чанаргүйдэж байна.
  • Тээвэр ложистикийн хэвийн биш үйл ажиллагаанаас үүдэлтэй хэрэглээ хязгаарлагдаж, хөрөнгө оруулалтын боломж дутмаг буйгаас хадгаламж нэмэгджээ.
  • Системийн нөлөө бүхий таван банкны сангийн үзүүлэлт харьцангуй сайн байна. Зээл өсөлтгүй, зээлийн чанаргүйдэл буурах хандлагатай, эх үүсвэр болон өөрийн хөрөнгө өсөлттэй байна.
  • Ирэх нэг жилийн хугацаанд системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээр байгаа зэрэг нь цар тахлын энэ үед томоохон сорилт байхаар байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн