Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр (2022.02.28) Украиныг Европын холбоонд элсэх өргөдөлд гарын үсэг зурлаа. Энэ тухайгаа тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа бичснийг хэвлэлүүд мэдээлж байна.
Тусгай процедураар нэн даруй гишүүнээ болгохыг хүссэн өргөдөлд Ерөнхийлөгч Владимир Зеленский гарын үсэг зурж, Европын холбооны зөвлөлийг даргалж буй Франц улсын төрийн тэргүүн Эммануэль Макрон, мөн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын парламентын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нарт илгээжээ.
Зеленский Украиныг Европын холбооны гишүүнчлэлд багтах эрхтэй гэж мэдэгдсэн байна. Тэгвэл Европын холбооны орнуудын удирагчид Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж магадгүй талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляейн нар даваа гарагийн орой Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нартай Парист уулзах төлөвтэй байна.
Гэхдээ Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Зеленскийн хүсэлтээр тайлбар өгөхдөө, Европын холбоонд элсэхэд хэдхэн сарын дотор хийх боломжгүй томоохон өөрчлөлт явуулах шаардлагатай гэж мэдэгджээ.
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок ч мөн түүнтэй адил мэдэгдэл хийсэн. Украин Европын хэсэг мөн боловч ямар ч улс хэдхэн сарын дотор Европын холбоонд элсэх боломжгүй гэжээ. Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Европын холбоо, Украины харилцаа одоогийнхоос илүү эрчимтэй байж болох ч бүрэн гишүүнчлэлдээ багтаах асуудлыг одоо ярих боломжгүй гэсэн байна. Мөн Европын гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель Европын холбооны удирдагчдын одоогийн хэлэлцэх сэдэвт Украиныг эвсэлдээ багтаах асуудал байхгүй болохыг онцолсон байна.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн долоо хоногт Украинд Европын холбоонд элсэгчээр нэр дэвшигчийн статус олгохыг уриалж байсан юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан даваа гарагт Европын холбооны 8 улс Украиныг Европын холбоонд аль болох хурдан элсүүлэхийг уриалга гаргажээ. Уриалгад Болгар, Латви, Литва, Польш, Словак, Словени, Чех, Эстон улс нэгдсэн байна.