Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэр дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Одоогоор шүүх хуралдаан гэрчийн мэдүүлгийг сонсох шатанд үргэлжилж байна.
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байгаа билээ.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.