Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ийнхүү тайлбарлалаа.
“2021 онд эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орон сууцжуулах зорилгоор 10 их наядын хөтөлбөртэй уялдуулаад ипотекийн санхүүжүүлэлтийг нэмэгдүүлсэн. Өнгөрсөн онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг Монголбанк банкны үүсвэрээр 13,500 орчим зээлдэгч авсан. Зээлдэгчийнхээ тоогоор 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт.
Энэ онд Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр нийт 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөж байгаа. Нэг, хоёрдугаар сард нийт 100 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкууд олгох тооцоололтой байна. Зээл олголт хэвийн үргэлжилж байна.
Түүнчлэн ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээний тухайд гэвэл Ковидын хуулиар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сунгасан.
Саяхан уг хуулийг 2022 оныг дуустал сунгасантай холбогдуулан Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг долдугаар сарын 1-нээс хойш дахин сунгах хууль, эрх зүйн үндэслэл ямар байгааг судалж байна. Удахгүй шийдвэр гарахаар мэдэгдэнэ гэв” гэлээ.