Монголбанк өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө. Экспорт хумигдаж байгаа энэ үед нөөц дээр тодорхой хэмжээний дарамт ирж байгаа. Гэхдээ оны эхэнд 4.3 тэрбум ам.доллар орчим валютын нөөцтэй байсан. Энэ нь 7-8 сарыг хангах хэмжээний валютын нөөц хангалттай байгаа учраас ханшид тийм их дарамт учруулахгүй гэж Төв банкны зүгээс үзэж байна хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв.
Экспорт гарах зайлшгүй шаардлага бий. Интервэнцийн тухайд Монголбанкны хувьд долоо хоногт хоёр удаа дуудлага худалдааг банк хоорондын зах дээр зохион байгуулдаг. Ямар нэгэн тохируулга гэсэн ойлголт байхгүй. 2018, 2019, 2020 онд ханш сулраад явдаг байсан бол 2021 онд бараг хөдөлгөөнгүй байсан. 4-5 хувийн хэмжээний сулралтыг хэвийн гэж хардаг тул тодорхой хэмжээгээр ханш сулрахыг Төв банк огцом савлагаа гэж харахгүй байна. 10-20%-ийн савлагаа үүсвэл харин оролцоно” гэлээ.
Түүнчлэн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн хоорондын харилан уялдаа цар тахлын үед өөрчлөгдөж, тооцоолол хийх боломжийг хязгаарлаж байна. КОВИД-19 вирусийн шинэ хувилбарууд гарч, цар тахлын давлагаа давтагдан удаан үргэлжилснээр иргэд, ААНБ-ын хэрэглээ, хөрөнгө оруулалт хийх зан төлөвт өөрчлөлт орж байгаа нь төсөөлөлд ашиглаж байгаа загварын тайлбарлах чадварыг бууруулж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн. Төсөөллийн тодорхой бус байдал өнгөрсөн хоёр жилийн адилаар өнөөдөр ч өндөр хадгалагдсан хэвээр байна.
2022 оны эхний саруудад экспортын нөхцөл байдал сайжрахгүй байгаа нь төсөөллийн тодорхой бус байдал, эдийн засгийн томоохон эрсдэл болж байгааг хэмээн Монголбанкнаас мэдээлсэн юм.