ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Өчигдөр Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Гурав нь өнөөдөр Монгол руу ниссэн бол нэг иргэн хувийн ажлаар өөр улс руу зорчсон. Өнөөдөр дөрвөн монгол иргэн Польш улсын хилээр нэвтэрч, Варшав дахь ЭСЯ-ны ажилтан тосож авсан. Удахгүй Варшав руу хөдөлнө. Нэг иргэнээ Польш-Украины хилийн бүсээс олж авсан байгаа. Ингээд өнөөдрийн байдлаар нийт найман иргэн Польшийн хилээр нэвтрээд байна.
Киевээс 13 монгол иргэн буюу 11 оюутан, хоёр байнгын оршин суугч иргэн, Одесс хотоос гурван монгол иргэн Украины хил рүү одоо ирж байгаа. Эдгээр иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр ирээд байна. Иргэдээ авахад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор төвөөс буюу ГХЯ-наас нэмэлтээр орос, польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан байгаа.
Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдээс Киевт дөрөв, Харьковт 23, Кировоградад хоёр монгол оюутан байгаа. Кировоградад байгаа хоёр оюутныг ойрын хугацаанд Өргөмжит консултайгаа хамтран татан авч Польш улсад аваачихаар ажиллаж байна. Эдгээр иргэд болон ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэв.