Covid-19 цар тахлын улмаас дэлхий даяар 5 сая гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаа алдсан гэж Оксфордын их сургууль, Лондонгийн Эзэн хааны коллеж зэрэг олон улсын судлаачдын баг тооцоолжээ. Эрдэмтэд энэ тухай The Lancet Child & Adolescent Health сэтгүүлд нийтэлжээ.
Судалгааг гаргасан эрдэмтэд 2020 оны 3-р сарын 1-ээс 2021 оны 10-р сарын 31 хүртэл 20 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Энэ хугацаанд дор хаяж 18-аас доош насны 5.2 сая хүүхэд, өсвөр насныхан COVID-19-ийн улмаас эцэг эх, асран хамгаалагчийнхаа нэг эсвэл хоёуланг нь алджээ. Тэдний 3/4 нь эцгээ алдсан байна.
Судалгааны багийнхан “Харамсалтай нь, нас баралтын тооцоолол хэдий өндөр байгаа ч COVID-19 халдварын улмаас нас барж байгаа тохиолдол өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид энэ тоо өснө” гэдгийг тэмдэглэжээ.