Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд банкны зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байх 11:00 цагтай давхцан Хөгжлийн банктай шүүхдэж байгаа найдваргүй зээлдэгч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат өөрийгөө өмгөөлж мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрийн авсан зээлээ хамгийн сайн, найдвартай төсөлд зориулсан гэж мэдэгдэв.
Б.Эрдэнэбатын ярьснаар Эрэл компани банкнаас зээл авахдаа зургаа дахин их барьцаа хөрөнгө буюу үйлдвэрээ бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьцаалсан. Одоо Хөгжлийн банканд 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө байгаа. Ирээдүйн орлого буюу дансыг барьцаалах саналыг банкнаас гаргасан.
Хөгжлийн Банкнаас манай компани нийт гурван удаа зээл авч, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2013 онд 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаа нь 2020 онд дууссан. Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээл, 2015 онд 9 сая ам.долларын зээл авсан. Тухайн зээлийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусна.
Төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн Банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд байлгаж байна. 2016-2018 онд манай компанийн зээлээр хэрэгжүүлж буй төслийг АТГ шалгаад асуудал байхгүй гэж үзсэн. Бид найдваргүй зээлдэгч биш.
Эрэл компанийн 300 тэрбум төгрөгийн тухай ярьж байна. Би ийм мөнгө хаанаас гаргаж ирэх вэ. Тогтолцооны хямралд орсон байна. Хэнийг ч сольсон нөхцөл байдал сайжрахгүй байна. Миний хувьд юм болгон дээр гарч ирж яриад байдаггүй хэмээн мэдэгдээд байна.