Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатаж, ирэх аравдугаар сард гарна гэж албаны хүмүүс мэдээллээ. Өнгөрсөн тавдугаар сард зарласан жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендэр шалгаруулалтад таван аж ахуй нэгж байгууллага материаллаа ирүүлсэн боловч бүгд шаардлага хангаагүй аж. Тиймээс үнэлгээний хороо тендерийг дахин зарлах шийдвэр гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд иржээ. Эдгээр иргэнд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байгаа юм.
Харин жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой.