ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулах болсноо өнөөдөр зарласан. Ийнхүү манай улсын шатахууны гол импортлогч болох ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсгэх вий гэдэг болгоомжлол үүсгээд байгаа билээ.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн zindaa.mn сайтад өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Энэ бол яах аргагүй болгоомжлох ёстой асуудал. Бид уржигдар “Роснефть” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газартай холбогдож тодруулга авсан. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шатахууны асуудлаар ОХУ-д очиж ажиллах, холбогдох хүмүүстэй уулзах үүрэг даалгавар өгсөн.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ сүүлийн найман жил байгаагүй өндөр үнэд хүрсэн. Бид 100 хувь гаднаас хамааралтай учир үүнийг дагаад шатахууны үнэ өснө. Өнөөдөр ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр А92 бензиний үнэ автомат үнийн тооцооллоор хийгдэж байна. Үүний хүчинд сүүлийн үед 20-70 төгрөгөөр нэмэгдэж байна.
Нөгөө талаас гадаад зах зээлийн үнэ нэмэгдэхээр дагаад өснө. Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсөж ч магадгүй, буурч ч магадгүй. Буурах нөхцөл байдал нь юутай холбоотой вэ гэхээр, ОХУ-ын экспортод хориг тавина гэсэн үг. Хориг тавиад эхлэхээр бидэнд эергээр нөлөөлж магадгүй. Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг.
Нөгөө талаар аливаа цэрэг дайны нөхцөлд шилжсэн улс стратегийн нөөцөө бүрдүүлж авдаг. Ингэхээр бидэнд хүнд тусна. Улс төрийн нөхцөл байдлаа дагаад энэ бүтээгдэхүүний үнэ өсөж, буурах нь биднээс хамаарахгүй байгаа.
Өнөөдрийн гол асуудал бол шатахууны нөөц бүрдүүлэх. Өнөөдрийн байдлаар 30-40 хоногийн нөөцтэй байна. Тиймээс бидний хамгийн гол анхаарах зүйл нөөцөө тасалдуулахгүй байх юм. Хэдийгээр үнийг чөлөөлсөн ч гэсэн шууд зах зээлийн ханшаар бус хөдөлгөөнт дунджаар тооцохоор нэлээд бага өөрчлөлт үнэ дээр нэмэгдэнэ.
Түүнчлэн ОХУ, Украин хооронд нөхцөл байдал хүндэрлээ гэж үзэхэд шатахууны үнэ бусад улсад ч ялгаагүй нэмэгдэнэ. Тухайлбал, БНХАУ-д ч ялгаагүй нэмэгдэнэ. Гэвч Хятад улсад хил гааль, тээврийн хүндрэл бий.
Бидний хувьд бас нэг хүлээж байгаа зүйл бол АНУ, Иран улсуудын хооронд Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт хүрэх асуудал. Хэрэв энэ хэлэлцээр амжилттай болбол Иран улс өдөрт нэг сая орчим барель шатахууныг зах зээлд гаргах боломжтой болно. Ингэснээр дэлхийн зах зээл дэх үнэд эергээр нөлөөлөх боломжтой юм. Том эдийн засагтай улс орнууд үүнийг анхааралтай ажиглаж байгаа” гэв.