Хөгжлийн Банкны захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатад “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Хөгжлийн Банк чанаргүй гэдэг ангилалд багтсан зээлүүдээ нийтэд зарлан, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад буй. Үүнтэй холбогдуулан зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа.
“Хөгжлийн Банкны захирал асан Н.Мөнхбатын тухайд, шүүхээс гэм буруутайд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Түүний албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас 8 орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан” гэдгийг АТГ-аас өмнө нь мэдээлж байв.