Эх сурвалж: Г.РАВЖАА
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн дөрвөн албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт хууль сахиулах байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Тодруулбал, тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, мэргэжилтэн Онон, Мэндбаяр, Анхтүвшин нарыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
Тэднийг олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргаж, бусдаас хахууль авсан гэж буруутгаж буй билээ. Тэднийг албадан саатуулах 48 цагийн хугацаа дуусаад өдгөө батлан даалтад гаргаж, мөрдөн шалгах ажиллагаагаа АТГ-ынхан үргэлжлүүлж буй гэнэ. Ингэхдээ К.Айдосыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал прокурор, шүүхэд гаргахаар болсныг эх сурвалжууд мэдээлэв.
Цаашлаад яллагдагчаар тооцон цагдан хорих санал ч хүргүүлж болзошгүй гэх мэдээлэл байна. Тэд Өмнөговь аймаг руу шалгалтаар явахдаа улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон бөгөөд дээрх дөрвөн хүний нэг нь хэргээ хүлээсэн аж. Харин бусад гурав нь хахууль аваагүй хэмээн мэдүүлээд буй гэнэ.