Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн тэргүүн дэд дарга ноён Андрис Америкс, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Атидже Алиева-Вела тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2022.02.23) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.
Ноён Андрис Америкс Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгээс дөрвөн жилийн дараа хийж буй энэ удаагийн айлчлалаар парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг уулзалтын эхэнд чухалчлав.
Энэ удаагийн айлчлалыг зохион байгуулахад Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдах Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалтаар Европын Холбоо, Монгол Улс хоорондын түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцоно хэмээн танилцуулав.
Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Монгол Улсын гуравдагч хөрш юм. Тэрбээр, бид Европын Холбоотой харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөг.