Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой маргааш тохионо. Энэ хүрээнд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Монгол Японы Найрамдлын нийгэмлэг хамтран “Японы ард түмэнд баярлалаа” үйл ажиллагааг зохион байгуулсан талаар мэдээлсэн GOGO,mn сайтын мэдээг дамжуулан хүргэж байна.
Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд:
- Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши
- ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра
- ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд дарга Г.Хулан тэргүүтэй хүмүүс Автобус-1-ийн байраар зочилж, тэртээ 24 жилийн өмнө Монголд тусламжаар өгч байсан 100 автобусны нэгийг зогсоож бэлдсэн үзэсгэлэнгээр зочлов.
ИРЭЭДҮЙ ХОЙЧ БОЛСОН ЗАЛУУСЫГ ХАМРУУЛЖ ХОЁР УЛСЫН ХООРОНД ШИНЭ ХАРИЛЦАА ЭХЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши:
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн хүнд цаг үе буюу 1994-1995 онд Японоос буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж 100 автобусыг, сэлбэг болон техникийн үйлчилгээ засвар хийх барилга, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч байсан.
Түүнээс хойш 24 жил өнгөрсөн ч нэгдүгээр баазын инженер техникийн ажилчид тус засварын баазыг хайр гамтай ашиглаж байгааг өнөөдөр хараад сэтгэл өндөр байна.
Дээр дурдсан төслөөр нийлүүлсэн 100 автобусны нэг болох энд байгаа автобусыг хараад сэтгэл хөдөллөө. Эдгээр автобуснууд ашиглагдахаа болиод удаж байгаа. Гэсэн ч монголчууд одоо хэрнээ “цэнхэр автобус” гэдгээр нь санаж, өндөр боловч өвөлдөө маш дулаахан гэж үнэлдэг домог болсон автобус билээ.
Хоёр улсын хоорондох найрамдалт харилцаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ирээдүй хойч болсон залуусыг хамруулж хоёр улсын хооронд шинэ харилцаа эхлүүлэхэд анхаарч ажиллана. Тиймээс Монголын ард түмэн минь энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
-Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:
-Боловсрол, эрчим хүчний салбарт хүнд хэцүү байх үед Япон улсын ард түмний дэмжлэгтэйгээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 100 автобусыг нийлүүлсэн нь хоёр орны харилцааны суурь болсон. Монгол Улс төвлөрлөөс үүссэн хүртээмж, чанарын асуудал маш хүнд байх үед Японы ард түмэн боловсролын салбарт маш том туслалцааг үзүүлсэн.
Жирийн ард түмний сэтгэл шингэсэн харилцаа өнөөгийн 21-р зууны үеийн техник технологи, харилцан хамтын ажиллагааны суурь болсон гэдэгт бүгд сэтгэл, итгэл нийлж байгаа.
-Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн дарга Ц.Сандуй:
-Монгол Улс гал алдахад тулсан үед Японы ард түмэн хамгийн том дэмжлэгийг үзүүлж байсан. Мөн сургуулийн өргөтгөлүүдийг барьж өгснөөр гурван ээлжээр хичээллэж байсан хүүхдүүд хоёр ээлжид шилжсэн. Японы засгийн газрын дэмжлэгээр сургууль, зам, гүүр зэрэг маш олон зүйлсийг бидэнд хийж өгсөөр ирсэн. Японы ард түмний оролцоотойгоор хэрэгжүүлсэн төслийг тоолоод баршгүй юм.
ЗАЛУУЧУУДАА БЭЛТГЭХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ Ч ЦАЛИН, ХАНГАМЖИЙН АСУУДЛААС БОЛЖ МАНАЙ ЗАЛУУС ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ
-Ахмад ажилтан, 65 настай О.Алагаа:
-Баазыг анх барьснаас нь хойш 25 жил ажиллаж байна. Такаши хэмээх Япон мэргэжилтэнтэй тоног төхөөрөмжүүдийг анх угсарч байлаа. Ниссан, Хино гэх хоёр төрлийн автобусны үр шимийг бид ард түмнээрээ амссан.
Би анх 40 настайдаа энд ажиллаж эхэлсэн. Одоо “багшаа” гэж дуудуулах олон шавьтай. Залуучуудаа бэлтгэх гэж хичээдэг ч цалин, хангамжийн асуудлаас болж манай залуус тогтвортой ажиллаж чаддаггүй. Аргагүй шүү дээ. Хүний амьдрал юм чинь өөр өндөр цалинтай газар ажиллахаар явна. Би бол яах вэ нэг насыг эндээ барсан учраас хорвоог энд л дуусгах байх.
Япончуудыг тусламжаар олгосон автобуснаас хойш Солонгосоос автобуснууд орж ирсэн. Одоо бас ашиглалтын хугацаа нь дуусаж байна. Одоо бол парк шинэчлэлт хийх цаг болсон.
Маргааш буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосны ойн баярын мэндчилгээг өлгөсөн 50 автобус үйлчилгээнд гарна.
Монгол-Японы найрамдалт харилцааны илрэл “Цэнхэр автобус” фото мэдээг ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.