МАН Хөгжлийн банктай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг намаасаа хөөх сурагтай

2022-02-23 14:39
06

Хөгжлийн банкны дуулиан бүтэн сараар үргэлжилж, банкны замбараагүй зээл олголт, зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор эрх баригч МАН таван гишүүнээ намын гишүүнчлэлээс хасаж, найман хүнээс тайлбар шаардаад байгаа.

Эрх баригч нам Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор дахин хэд хэдэн хүнийг МАН-аас хөөх магадлалтай байгаа талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Энэ талаар Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа:  Хөгжлийн банкны асуудал байна. Үүнд хамгийн их оролцоотой хүн бол Ч.Хүрэлбаатар. Мань эр 2017 оноос эхлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хөл нүцгэн хүүхнээр далимдуулж огцрох хүртэлх хугацаанд Сангийн сайдаар ажилласан. Өнөөдөр Хөгжлийн банкнаас хамгийн өндөр дүнтэй баталгаагүй зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нөхдүүдийн 70 хувь нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх үед олгогдсон байгаа юм.

Хөгжлийн банкинд хамгийн нөлөөтэй албан тушаал бол Сангийн яам. Нөхөр Сангийн сайд болонгуутаа “Монгол Улс чинь дөрвөн тусдаа төсөвтэй болчихож. Түүний нэг нь Хөгжлийн банк. Үүнийг эмхэлж авахгүй бол болохгүй нь” гэсэн сүртэй мэдэгдэл, мессэжүүдийг нийгэмд өгч, тархи угааж байгаад Хөгжлийн банкны бүх эрх мэдлийг өөртөө авсан.

Ингээд юу хийсэн байх вэ. Тодорхой шүү дээ, өөрийн гар хөлөө байршуулж, Хөгжлийн банкаар тоглож өгснийг шинжээчид одоо ярьж байна. Гэвч нийгэмд гарч ирж дуугарч чадахгүй байгаа нь анхаарал татах асуудал. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, бантан зуурагч Ч.Хүрэлбаатарын нэр Хөгжлийн банкин дээр тийм тод биш байгааг МАН-ын Хяналтын хороо ч дотроо ярьсан байна. Ажлын хэсгийнхэнд анхааруулсан байна.

Үүний нэг тод жишээ бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдрөөс эхлэн “Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг хамгийн сайн шалгах ёстой юм байна” гэсэн үгийг хэлэх боллоо. Энэ нь Ч.Хүрэлбаатар нарыг шалгаж эхэлсэн гэсэн үг.

МАН-ын удирдах зөвлөл дээр Хөгжлийн банк яагаад ийм байдалд хүрсэнд хамгийн тодорхой хариулт өгөх хүн бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гэдэг үгийг тодорхой хүмүүс хэлжээ. Ингээд сая намаас сануулга өгөх хүмүүсийн нэрст түүний нэрийг оруулахыг, бүр зарим гишүүд нь МАН-ын гишүүнчлэлээс хамгийн эхэнд түдгэлзүүлэх ёстой хүн бол Ч.Хүрэлбаатар гэсэн санал гарч эргэн ярилцахаар болжээ. Ч.Хүрэлбаатарыг ийнхүү намаас хөөх, түдгэлзүүлэх асуудал дээр ордонд байгаа нэгэн мэнгэтэй хүн түгжээ болж байгаа гэсэн яриа ч байна.