Коронавирусийн халдварын дельта хувилбарын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл түлхүү илэрдэг. Уг хувилбар нь коронавирусийн халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг, халдварын шалтгаант хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэг сэдрэх зэрэг гурван үндсэн гэмтлийг түлхүү үүсгэж байна.
Халдварт өртсөн иргэдийн 16-48 хувьд хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны шинж тэмдэг хавсарч илэрч байна.
Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихсэж, мэдрэл шингэний зохицуулга алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлтийн хямралд хүргэж байна. Иймд хэрэв та коронавирусийн халдвараар өвдөж, улмаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зовуурь илэрч байвал эмчид хандаарай. Мөн энэ үед зөв зохистой хооллож, эмийн зохистой хэрэглээг эрхэмлээрэй. Түүнчлэн амьсгалын дасгал хийж хэвших нь энэ өвчнийг хөнгөн хэлбэрээр давж туулах боломжийг олгох юм.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо коронавирусийн үед гэмтсэнтэй холбоотой гарч ирэх хамгийн ноцтой зовуурь бол гүйлгэлт суулгалт байдаг. Хэрвээ та халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.
Мөн энэ үед хамгийн энгийн авах арга хэмжээ бол антибиотик хэрэглээгүй үед шингэнээ сайн нөхөөрэй. Үүнд ургамлын цай, ногоон цай, жимсний шүүс, эрдэсжүүлсэн усаар ч нөхөж болно.
Гүйлгэлтийн үед цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг 14 хоног хэрэглэх. Ганц анхаарах зүйл нь халдварын үед дур мэдэн гүйлгэлт, суулгалтын эсрэг эм бэлдмэл хэрэглэж болохгүй. Хэрэв антибиотик хэрэглэсэнтэй холбоотой гүйлгэх шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчилгээ хийлгэхгүй мэргэжлийн эмчид хандаарай.