Сэтгүүлзүйн томоохон мөрдлөг шалгалтын ажиллагаа явуулдаг Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийн судалгааны төв (OCCRP)-өөс Швейцарын томоохон банк Credit Suisse-тэй холбоотой шинэ мэдээллийг ил болгожээ.
Тус банк цэргийн гэмт хэрэгтнүүд, авлигажсан улстөрчидтэй ажиллахаас огт цааргалж байгаагүйг OCCRP баталж байна. Мөрдлөг шалгалт явуулсан шинжээчдийн мэдээлж буйгаар, эрүүдэн шүүсэн хэрэгт орооцолдож байсан Йемений эрх бүхий хүмүүс, авлига нь илэрсэн Венесуэлийн улстөрчид, улсаасаа мөнгө зөөвөрлөсөн Казахстан, Азербайжаны төрийн зүтгэлтнүүд, Украины олигархиуд, Нигерийн дарангуйлагч Сани Абачи болон олон хүн банкинд хөрөнгө оруулжээ.
Банкны удирдлагуудыг бохир аргаар ажиллаж байсан нь өнгөрсөн зууны 40-өөд оноос эхлэн нээсэн 15 мянга гаруй дансны мэдээлэл алдагдсанаар ил болсон аж. Мэдээж тус банк энэ бүгдийг үгүйсгэж, үйлчлүүлэгчдээ нэг бүрчлэн шалгадаг гэж мэдээлсэн байна.
-Танилцуулсан асуудлууд ихэвчлэн түүхэн шинжтэй. Зарим нь 1940-өөд онд ч хамаарч байна. Эдгээр асуудлуудаар эшилсэн бүхэн нь материалаас тасдаж авсан хэсэгчилсэн, нарийн бус, сонголттой мэдээлэл байна гэж Credit Suisse-гийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Яг энэ явдалтай давхцаад Ватикан энэ банкинд нэг данс эзэмшиж, дансанд оруулсан хөрөнгөө Лондон хотын үл хөдлөх хөрөнгөнд луйврын аргаар хөрөнгө оруулсан нь ил болжээ.
Энэ асуудлаар одоо эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд өндөр албан тушаалын кардинал холбогдоод байна. Украины үйлчлүүлэгчидтэй холбоотой асуудлын хувьд, Credit Suisse-ийн дансыг Украины чинээлэг нэгэн гэр бүл «Мрия Агрохолдинг» хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниа дампууруулахдаа ашиглажээ. Энэ гэр бүл төвөгтэй схемээр дамжуулан компанийнхаа мөнгийг тус банкаар дамжуулан гаргасан байна. Энэ үйл явдал тэртээ 1940-өөд онд биш, саявтархан буюу 2014 онд гарч байсан аж. :
Эх сурвалж: KR