Коронавирусийн дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.
-Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ?
-Нэмэлт гурав болон IV тунгийн дархлаажуулалтад 18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан. Харин IV тунд зорилтот насныхны 5.8 хувь буюу 54.867 иргэн хамрагдаад байна.
-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд нэмэлт IV тунд хамрагдах боломжтой юу?
-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд вакцинд хамрагдахын тулд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Тодруулбал, жирэмсэн эхчүүд нэмэлт тунд хамрагдахдаа жирэмсний 14-36 дахь долоо хоногтой байх хэрэгтэй. Жирэмсний эхэн болон хожуу үед нэмэлт тунд хамрагдахыг зөвлөхгүй байгаа. Мөн хөхүүл эхчүүдийн хувьд төрснөөс хойш 45 болон түүнээс дээш хоносон бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын хэдэн суурин цэг ажиллаж байна вэ?
-Нийслэлийн есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд буюу нийт 157 цэгээр иргэд, олон нийтийг дархлаажуулж байгаа. Харин дархлаажуулалтын цэгт ирэх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хэвтрийн хүмүүсийн хүсэлтээр явуулын баг дархлаажуулалт хийж байна. Хамгийн гол нь нэмэлт IV тунд иргэд сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийн хүсэлтээр хамрагдаж байгаа. Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгээр үйлчлүүлэх боломжтой.
-Аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгаар вакцин хийж байгаа юу?
-Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдах захиалгаа өгсөн тохиолдолд явуулын баг очиж үйлчилнэ.
-Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авах эрсдэл хэр буурах вэ?
-Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авахаас хамгаалах, хүндрэлээс сэргийлж, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Вакцин хийлгэлээ гээд огт халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн тусна. Нэмэлт тун бол өмнө нь хийгдсэн тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх, дархлааг сайжруулах онцлогтой юм. Тиймээс иргэд, олон нийтийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР