Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг Ажлын хэсгийн дарга Б.Мягмар танилцууллаа. Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр, нийт 13 төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Улмаар есөн чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна.
Тодруулбал, төслүүдийн засаглалыг бэхжүүлэх, удирдах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн байгуулах, бодлогын газруудын уялдааг хангуулах шаардлагатай байгааг онцолж байлаа. Мөн төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрт тусгасан нийслэлээс санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулах, зээлийн эргэн төлөвлөлтийг төвлөрүүлэхэд анхаарах дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдан авах ажиллагааны засаглал, чиг үүргийг шинэчлэх, төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг тусгаж, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслүүдийн хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг төсөл хэрэгжүүлэх нэгжүүд болон төслийн гүйцэтгэгч байгууллагуудад даалгалаа.