Хөгжлийн банкнаас зээл авсан “Алтайн констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд болон зээл олгосон гэх Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын хүсэлтийг шүүхээр хэлэлцлээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг өнөөдөр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянав.
Улмаар шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг дарамталсан …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл,
яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар