Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн асуудлаар тус банкны захиралаар ажиллаж байсан нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих саналыг өчигдөр прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан. Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж сая эхэллээ.
Шүүх хуралдаанаас Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Б.Батбаяр нь Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байгаад 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019 оны 5 дугаар сард ажлаа хүлээлгэн өгч байжээ.
Түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг: “Прокурор санал оруулахдаа гэрч нарт нөлөөлж, дарамталж, гэрчээр зориуд худал мэдүүлэг үйлдүүлж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорих санал оруулсан байна. Ямар гэрчид нөлөөлөх гээд байгаа юм бэ гэхэд шүүхэд баримт гаргаж өгсөнгүй. Шүүгч нь 15 хавтаст хэрэгтэй материалыг таван минут завсарлаж танилцаад, прокурорын хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж байх шиг байна. Шүүх мэтгэлцээн, шударга ёсны зарчимд тулгуурах болов уу гэж бодсон. Гэтэл дан ганц саналд тулгуурлаад шийдвэр гаргаж байна. Ийм нөхцөл байдалд шүүх хурал боллоо. Хуулийн байгууллага хуулиа баримталж байж шударга ёс ярих ёстой. Ямар ч баримт байхгүй үндэслэлээр хорьж байгаа бол төрийн байгууллага өөрөө хүнийг гүтгэж байна шүү дээ. Яаж шударга ёс тогтоох гээд байгаа юм” гэлээ.
2 comments
Yun 1 sar be bvh nasaar ni horih heregtei
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://bit.ly/3HZ2vMH