УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоныг АТГ Хөгжлийн банкны зээлийн өрөнд битүүмжлэн, хязгаарлалт тогтоож, эндээс орон сууц худалдан авахгүй байхыг олон нийтэд сануулаад долоо хонож байна. Тус компанийн орон сууцны нэг мк-ийн үнэ 5 сая 500 мянгаас дээш төгрөгөөр худалдаалагддаг.
Өнөөдөр “Гантиг Вилла” төслийг хэрэгжүүлэгч “Эй Би Трейд Групп” компаниас Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, хотхоныг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлээгүй хэмээн мэдэгдлээ. Зээлдэгчид үл хөдлөхөө бусдад шилжүүлэн, зээлээ төлөхгүй байх арга саам хайж мэдэх талаар эх сурвалжууд анхааруулж байгаа юм.
Тус компанийн захирал А.Ууганбаяр “Манай компани Зайсанд баригдах “Гантиг Вилла” төслийг 2019 онд худалдаж авсан. Хөгжлийн Банканд зээлтэй байгаа “Монгол мах экспо” компанийн 100 хувь эзэмшигч групп компани юм.
Уг төслийг Бишрэлт группийн охин компани 2012 онд үүсгэн байгуулсан. 2014-2016 оны хооронд барилгын бүх ажил хийгдсэн. “Монгол мах экспо” компани Бишрэлт группийн охин компани байсан. Иймээс хүмүүс Б.Ундармаа гишүүнтэй хамаатай гэж ойлгоод байгаа. Гэвч тус компани 2019 оноос хойш Бишрэлт групптэй хамааралгүй болсон. 2019 оноос хойш Б.Ундармаа гишүүнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Гантиг Вилла төслөө өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа.
“Монгол мах экспо” компани 2017 онд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Ингэхдээ мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр өөрийн хөрөнгө болох СХД-т байрлах, 1,140 мкв талбай бүхий махны үйлдвэр 11 мянган мкв талбай бүхий газар, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авсан байна.
Одоогоор найм орчим тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөөд байна. Цар тахлын нөхцөл байдал сайжирч махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл Хөгжлийн Банкнаас авсан зээлээ эргүүлэн бүрэн төлөх боломжтой.
Хөгжлийн Банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан зэрэг мэдээлэл гарч байна. Тэгвэл “Гантиг Вилла” хотхоны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
1 comment
Nvxee yhaad exelleedee nuguu xed chin yamaar ym bde