АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны Төв банкны Америкийн зээлийн байгууллагуудын эзэмшиж байсан 7 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаах захирамжид гарын үсэг зурлаа гэж Цагаан ордон мэдэгдлээ. Энэ мөнгийг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкин дахь Тусгай итгэлцлийн санд шилжүүлэх гэнэ.
Шүүхийн байгууллагаас холбогдох шийдвэр гарсны дараа уг хөрөнгийн тал хувийг Афганистаны ард түмний хүмүүнлэгийн хэрэгцээг хангахад зарцуулна гэсэн таамаглал байгаа ч АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, үүнд дор хаяж хэдэн сар шаардлагатай хэмээн мэдэгджээ. Үлдсэн мөнгийг халдлагад өртсөн хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгоход зарцуулах аж.
АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын үеэр хохирсон хохирогчдын төрөл төрөгсөд зэрэг олон хүн талибуудыг шүүхэд өгч, Афганистаны Төв банкны активаас төлбөр нэхэмжилж, Холбооны шүүхэд хандаж байгаа юм. Тиймээс эдгээр хөрөнгийн 3.5 тэрбум доллараас илүү нь АНУ-д үлдэх ба терроризмын хохирогчидтой холбоотой америкчуудын маргаан цааш үргэлжилнэ. Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэлээ гаргах бүрэн боломжтой талаар эх сурвалжууд мэдээлжээ.