“Тэдний өрийг бид төлөхгүй” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “ МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ олон нийт, улс орны эрх ашгийг давсан эв нэгдэл гэж байхгүй. Үнэхээр олон нийтийн, улс орны эрх ашигт харшилсан, иргэдийн боломжийг хулгайлсан, дээрэмдэж байгаа хэсэг бүлэг хүмүүстэй бид эвлэрч суухгүй гэдгээ намынхаа 30 дугаар их хурал дээр ч зарласан, энэ үзэл баримтлал дээрээ ч тууштай байгаа.
Өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь улс төржихгүйгээр нэг зүгт харах боломж бүрдсэн энэ цагт Хөгжлийн банк мэтийн энэ том луйвар, дээрмийн зарим нэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Зээлээ аваад ажиллаж хөдөлмөрлөөд шударгаар зээлээ төлөөд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэсгээ хэлмэгдүүлэхгүй байх нь чухал.
МАН баялаг бүтээдэг бизнесменүүдээ дэмжих тал дээр анхаарч ажиллана. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг, эргэлдүүлдэг, угаадаг, тэр битгий хэл валютын ханшийн зөрүүн дээрээс хэдэн арван тэрбум төгрөг олдог бүлэглэл хүртэл бий болоод байгааг таслан зогсоох эр зориг гаргах цаг болсон.
Үүний ард нам хоорондын тэмцэл зөрчил, улс төрийн эрх ашиг гэх мэт жижиг зүйл ярьж сарниулах гэж оролдох нь зохимжгүй. Бид авлигатай, шударга бус байдалтай тэмцэхээ зарласан, мэдэгдсэн. Бусдыгаа уриалан дуудаж байгаа” хэмээн мэдэгдлээ.