М.АРИУНТУЯА
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчийн ангилалд орсон аж ахуй нэгжүүдийн асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгаж байна.
Зээлээ төлөөгүй зарим компанийн хэрэг шүүхэд шилжээд байгаа. Найдваргүй зээлдэгч нэр авсан аж ахуй нэгжүүдийн дотор монголчуудын танил, тэр ч битгий хэл оны шилдэг аж ахуй нэгжээр тодорч байсан компаниуд багтаж байгаа юм.
Харин энгийн иргэд найдваргүй зээлдэгчид хэргээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгох вий хэмээн болгоомжилж байна.
UPDOWN мэдээллийн сайт Найдваргүй зээлдэгчдийн үл хөдлөх хөрөнгийг хурааж, Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх зорилготой цуврал мэдээллийг бэлтгэж байгаа билээ.
Энэ удаа УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн хэмжээ болон түүний хувьцаа эзэмшдэг компаниудын мэдээллийг хүргэж байна
Б.Ундармаа нь 2018 онд УИХ-ын гишүүн байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ
- “Нью даниста рөүд энд” констракшн
- Эрдэнэзам
- Капитал банк
- Зоос гоёл гэх мэт компаниудын хувьцааг эзэмшиж байгаагаа нотолсон байдаг.
Харин өнөөдрийн байдлаар
- Бишрэлт холдинг
- Бишрэлт косметикс энд фэйшин
- Соёмбо даатгал
- Капиталмаркет корпораци
- Монгол эм импекс
- Монгол мах экспо зэрэг компаниудын хувьцааг эзэмшиж байна. Хөгжлийн банкнаас
Б.Ундармаа 2014 онд Капитал банкны нэр дээр 59 тэрбум төгрөг, 2017 онд Монгол мах экспо компанийн нэр дээр 31 тэрбум төгрөг, 2018 онд Монгол эм импекс концернийн нэр дээр 7 тэрбум төгрөгийг тус тус Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг.
Гэвч эдгээр зээлүүд бүрэн төлөгдөөгүй бөгөөд, өнөөдрийн байдлаар үлдэгдэл нь 96 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Бидний ард байгаа барилга бол Б.Ундармаагийн хувийн өмчийн “Бишрэлт” зочид буудал. Хотын А бүсэд, Сүхбаатарын талбайгаас 1 км зайд оршдог.
Харин энэ бол мөн л Б.Ундармаагийн мэдлийн Монгол эм импекс концерний барилга. Энэ хоёр обьект нь Б.Ундармаагаар овоглогддог олон компанийн зөвхөн хоёр компанийн л үл хөдлөх юм. Хотын А бүсэд байрлалтай, зах зээлийн үнэлгээ ч өндөр байгууламжууд юм.
Барилгууд 1990 оны дундуур явагдсан өмч хувьчлалаар түүний мэдэлд ирж байжээ.
Ямартай ч өнөөдөр Авилгатай тэмцэх газрын албаны эх сурвалж УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг Вилла” хотхоны есөн блок орон сууцыг Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Хуулийн хязгаарлалт тогтоосон учраас иргэдийг худалдан хийхгүй байхыг санууллаа.
Засгийн газар болон татвар төлөгч бид банкны зээлийн эргэн төлөлтөөс зугтааж байгаа хариуцлагагүй улс төрч, бизнесмэнүүдийн зээлийг төлөлцөх ёсгүй.
Тэдэнд хүлээсэн үүрэг гэж бий. Зээл авахдаа барьцаа болгон тавьсан үл хөдлөхүүд ч бий. Хөгжлийн банк гэрээнийхээ заалтыг эргэн харж, найдваргүй зээлдэгчдийн үл хөдлөхийг хурааж, Засгийн газар болон татвар төлөгчдийг өрийн дарамтаас салгах ажлыг эхлүүлэх нь зөв байх.