Өнгөрсөн 2021 он болон 2022 онд үргэлжлээд Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 360 гаруй суманд малын гоц халдварт өвчин бүртгэгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор 2021 оны тавдугаар сараас хойш Монгол Улсаас гарах махны экспорт бүрэн зогсоод байгаа.
Монголын махны холбооноос махны экспортын талаарх цаг үеийн мэдээлэл тодруулахад “Манай улсад 10,000 гаруй тонн экспортод зориулж бэлдсэн мах складад хадгалагдаж байна. Эдгээр махнуудын 30 хувийг нь адууны мах эзэлж байгаа бол 70 хувийг нь дулааны аргаар боловсруулсан мах эзэлж байна” гэх мэдээллийг өглөө.
Тодруулбал, БНХАУ ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хилээ хаасантай холбоотойгоор дээрх хэмжээний махаа гаргаж чадаагүй үйлдвэрүүд 10,000 тонн махны үлдэгдэлтэй, эргэлтийн хөрөнгөгүй хүнд байдалд оржээ.
Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ, Монголын махны холбоо болон ААН-үүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдан, ажилласан боловч харамсалтай нь махыг экспортод гарах боломжгүй болжээ.
Тодруулбал, цар тахалтай холбогдуулж БНХАУ-ын зүгээс эрээний боомтоор ямар ч махны экспорт хийхгүй байгаа.
Харин ОХУ-ын Владивосток боомтоор дамжин Тянжин хотод дулааны аргаар боловсруулсан махыг хүлээж авахаар Хятадын талаас зөвшөөрөл өгсөн байна. Гэтэл ОХУ-ын талаас дулааны аргаар боловсруулсан маханд дамжин өнгөрөх виз олгохгүй, харин түүхий адууны маханд дамжин өнгөрөх зөвшөөрөл олгожээ.
Дээрх байдлаас шалтгаалан 2022 онд экспортод бэлдсэн 10,000 тонн махыг хэрхэх талаар аж ахуй нэгжүүд өдрийн бодол, шөнийн зүүд болж байна.
Товчхондоо бол 2022 онд махны экспорт хийх боломжгүй болжээ.