….Хэлийг символ гэж үздэг юм. Хоёулаа нэг хэлээр ярилцаад өнгөрлөө гэхэд чиний ба миний толгойд ижил симбол дүрслэгдэж байж гэмээ нь ойлголцох боломжтой гэж үзнэ. Гэтэл монгол хэлээр хоорондоо яриад, ойлголцоод байгаа мөртлөө символ нь өөр өөрөөр бууж байдаг.
Жишээ нь Ц.Нямдорж “Монгол хүний эрх хэтрээд байгаа” гэж хэлсэн нь бий. Тэр хүний хувьд хүний эрх гэдэг үг “Эрх мэдэл” гэдэг өөр символоор илэрхийлэгдэж байгаа нь харагдаж байна. Ихсэж багасаж болж байдаг, бутархай шинжтэй, үзэмжээр тогтоодог номинал ойлголт байх нь л дээ, тэр хүний хувьд. Гэтэл дэлхий дахинд, шинжлэх ухааны голлох хэлүүдэд хүний эрх хэтэрнэ гэж ойлголт байх боломжгүй. Тийм юм байдаггүй. Хүний эрх гэдэг бол хүнд төрөхөөс нь заягдмал, нэг цул, абсолют ойлголт юм. Ийм ойлголтын зөрүү маш их гардаг.
Шинжлэх ухааныг судалж, суралцъя гэвэл энэ тухай бид ярилцахдаа яг таг ойлголцож байх ёстой. Ер нь ажиглах юм бол монгол хүмүүсийн яриа маш ядуу, тодорхой бус байдаг юм. Манай Монголд яг шинжлэх ухаан байна уу, үгүй юу гэдгийг хэлэхэд ч хэцүү. Монгол судлал ч юмуу талбайн судалгааны ажлууд байж магадгүй. Монгол хэлний хүчин чадал нь миний бодлоор угаасаа шинжлэх ухааны ойлголтуудыг илэрхийлэхэд хүрэлцдэггүй. Тийм учраас ядаж англи хэл сурахгүйгээр шинжлэх ухаан ярих боломжгүй. Дагаад дунд сургуулийн сурах бичигт монгол хэлээр бичихдээ шинжлэх ухааны нэр томъёонуудыг маш зөв орчуулах, тайлбарлах шаардлагатай байгаа.
Хоёрдугаарт, монголчууд шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж яриад байгаа нь ер буруу юм. Бид угаас хөгжүүлж чадахгүй. Төсөл зарладаг. “Энэ мөнгийг аваад шинжлэх ухаан хөгжүүл”, “Инновац хөгжүүл” энэ тэр гээд л бужигнадаг. Ингээд ирэхээрээ бодит амьдралаас асар холддог.
“Бид шинжлэх ухаанаа хөгжүүлнэ” гэж хэлбэрдэхээсээ илүү шинжлэх ухааныг зөвөөр нь оруулж ирэх, зөв нутагшуулах, судалгааны соёлыг бага багаар зүгшрүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй. Миний бодлоор судалгааны санхүүжилтийг шууд магистр, докторын сургалтын тэтгэлэг хэлбэрээр л багш, оюутанд нь өгчих хэрэгтэй юм.
Хийнэ, хөгжүүлнэ, алаад өгнө, төвлөрүүлнэ, шинээр байгуулна гээд л ирэхээрээ хэлбэрдээд явчихаж байгаа юм даа. Хэлбэрдэх гэдэг монголчуудын хамгийн том дутагдал. Монголчууд яаралгүй, тайван суугаад, яг бодит байдлаа ойлгож, бага багаар ахиц гаргах хэрэгтэй. “Шинжлэх ухааныг хөгжүүлнэ” гэж яриад байгаа нь өөрөө шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй байгаа шалтгаануудын нэг гэж хардаг.
Эх сурвалж. Өглөөний сонин
1 comment
Шинжлэх ухаан хөгжих биш, ясыг барьчихсан даа. Нэг их хошигруулдаг сайдтай, сэтэхүй нь зогсонги болсон хэдэн нас хөгширсөн академичтэй, тэд хор найруулахдаа мапыг сонгодог утгаар нь хэрэгжүүлдэг, ламд очиж мөргөлөг шу ч биш ерөнхийлагчтэй, цаг өнгөрөөх сэтэхүйтэй магистоуудтэй, гапаадад доктор хамгаалсан поопорддоү докторуудтай болсон доо. Манай шу ны салбар.