Уран бүтээлч Ц.Анударийн “Гар+Дор” контемпорэри урлагийн анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-ноос үзэгчдэд хүрч эхэлнэ. Энэхүү контемпорэри урлагийн бие даасан үзэсгэлэн нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, нийгэмд нөлөөлөх зорилготой анхны төсөл юм. Үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц бөгөөд холимог техник, видео бүтээлүүдийг мөн агуулна. Үзэсгэлэнгийн концепц нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн сэдвийг хөндөж байгаа ба дан ялангуяа гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй байгаа хандлагыг өөрчилж, энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулан олон нийтэд нөлөөлөх зорилготой. Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014-2018) дараалан шалгарч байжээ. Мөн 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдан оролцсон.
Тэрбээр 2020 оны есдүгээр сараас “Ванжил арт” институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “Контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр суралцаж, мэргэжлийн шилжилт хийж эхэлсэн бөгөөд цаашид уран бүтээлчээр ажиллахаар шийдэж, зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа Монголын шинэ үеийн төлөөлөл билээ.
2021 оны эхээр анх удаа зарлагдсан Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм.
2021 оны 10-р сард Ц.Анударийн боловсруулсан төсөл шалгарч, энэ нэр хүндтэй шагналын эздийн нэгээр тодорсон билээ. Тус сангийн шагнал нь түүний үзэсгэлэнгийн төсөл биеллээ олох эхлэлийг тавьсан аж. Энэхүү урлагийн төсөл нь Монголд анх удаа 2100 м2 талбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй ховор тохиолдол болж байна.