“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын багийн уран гулгалтын тэмцээнд Оросын олимпийн хорооны баг тамирчид түрүүлж, алтан медаль хүртсэн. “Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын багийн уран гулгалтын медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг хойшлогдсоныг энэ лхагва гарагт мэдээллэсэн юм. Гэвч ОУОХ-ны зүгээс ямар шалтгаан, асуудлаар хуулийн зөвлөгөө авах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс энэ талаар “Бид үүссэн нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд боломжит бүх зүйлсийг хийж байгаа. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Тиймээс олон улсын хэвлэлүүд энэхүү асуудлыг ОХУ-тай холбон тайлбарлаж байгаа юм. Допингийн асуудлаас болж ОХУ-ын тамирчид 2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадмаас хойш гурав дахь олимпдоо ОУОХ болон ООХ-ны нэр дээр оролцож байгаа билээ. “Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын багийн уран гулгалтын тэмцээнд АНУ-ын уран гулгагчид мөнгөн медаль хүртсэн бол Японы баг тамирчид хүрэл медалийн болзол хангасан.