М.АРИУНТУЯА
Ард иргэд бид банкнаас авсан зээлээ сар бүр, нэг ч төгрөгийн дутуугүй төлдөг. Сарын төлөлт хойшлогдсон тохиолдолд банк зээлдэгч иргэнд хариуцлага тооцох сануулгыг өгч, зээлээ төлж дийлэхгүй болсон тохиолдолд банк зээлийн барьцаанд тавьсан иргэний эд хөрөнгийг хураах бүрэн эрхтэй байдаг билээ.
Энэ бол банк-иргэн хоёрын дунд мөрдөгддөг хатуу хууль юм. Гэвч энэ хууль Монгол Улсын иргэн бүрд эрх тэгш үйлчлэхгүй байгаа баримтыг Хөгжлийн банкыг тойрсон зээлээс харж болно.
Хөгжлийн банкийг 882 тэрбум төгрөгийн эрсдэлд оруулсан 66 аж ахуйн нэгж, зээлийн эргэн төлөлт нь найдваргүйд тооцогдон шүүхийн шатанд оччихоод байгаа 26 нэгжийг тойрсон асуудал өнөөдөр нийгэм, улс төрийг тойрон яригдаж байна.
Хөгжлийн банк ирэх оны эцэст Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 800 сая ам.долларын зээлээ эргүүлэн төлөх юм. Энэ мөнгийг Хөгжлийн банкнаас зээл авсан 66 аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөөр төлөх ёстой ч өнөөдөр Засгийн газар төлж магадгүй хэмжээнд яригдаж байгаа юм.
Хариуцлагаа хүлээж чадаагүй аж ахуйн нэгжүүдийн бурууг, тэдний тавьсан өрийг Засгийн газар, үнэн хэрэгтээ Засгийн газар ч биш татвар төлөгч иргэд төлнө гэдэг бол шударга ёсонд нийцэхгүй гэдэгтэй өнөөдөр хүн болгон санал нийлж байгаа байх. Тэд авсан зээлээ төлөхгүй бол банкнаас зээл авахдаа барьцаа болгон тавьсан үл хөдлөх хөрөнгийг улс хураан авч, зээлээ албадан төлөх ч эрхтэй.
Бид авсан зээлээ татвар төлөгчдөөр төлүүлж магадгүй байгаа зээлдэгч компаниудын банкны барьцаанд тавьсан үл хөдлөхүүдийг олон нийтэд үзүүлж байна.
Энэ удаа бид Хөгжлийн банкнаас хоёр удаагийн зээл аваад эргэн төлөлт хийгээгүй Эрэл компанийн төв байрны гаднаас сурвалжлага хийж байна.
Эрэл компани 2013 онд 23 мянган долларын зээл, 2014 онд 12 мянган еврогийн зээл авсан ч зээлээ төлөөгүй. Өнөөдөр 162 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.
Бидний ард харагдаж байгаа Эрэл компанийн Төв оффис болон үйлдвэрлэлийн барилга нь олон жилийн түүхтэй үл хөдлөх. 1960-аад оны эхэн үед Улаанбаатар хотыг барилгажуулахад зориулан байгуулсан Байшин үйлдвэрлэх нэгдүгээр комбинатыг Эрэл компанийн захирал Эрдэнэбат 1990 оны дунд үед өмч хувьчлалаар худалдаж авч байсан гэдэг.
Эрэл БҮК-1 үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн 4 улиралд барих хүчин чадалтай гэж Эрэл компани албан ёсны мэдээллүүддээ дурдсан байдаг юм байна.
Оффисын барилгын хувьд 1990 оны сүүлээр ашиглалтад орж байсан. Барилгын материалын үйлдвэрлэл болон оффисын барилгын зах зээлийн үнэлгээг гаргахад мэргэжилтнүүдэд нэг их цаг шаардахгүй болов уу. Хөгжлийн банкинд тавьсан Эрэл компанийн барьцаа хөрөнгө нь авсан зээлийн хэмжээтэйгээ дүйж байгаа юм. Зээл авсан он нь 2014 он. Өнөөдөр бол 2022 он. Найман жилийн дараа компанийн үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө үү гэхээс буухгүй юм.
Татвар төлөгч иргэд банкны зээлийн эргэн төлөлтөөс зохион байгуулалттайгаар зугтаж байгаа бид хариуцлагагүй улс төрчдийн зээлийг эргэн төлмөөргүй байна. Тэдэнд хүлээсэн үүрэг, зээл авахдаа барьцаа болгон тавьсан үл хөдлөхүүд бий. Төр ажлаа хийж, энэ үл хөдлөхийг хурааж, татвар төлөгчдийг дарамтаас салгах гарцыг хайх нь шударга ёсонд нийцэх биз ээ.
1 comment
Энэ газар нь их том үүнийг нь зарвал ч овоо хэдэн төгрөг болно