“Ковид-19” цар тахлын тархалт харьцангуй хумигдаж, улс орнууд хил гаалиа нээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаадын улс орныг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийслэл Улаанбаатар хотоос 52 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорих иргэд голчлон хувийн автомашинаар зорчдог.
Тэгвэл иргэд шинэ нисэх онгоцны буудал руу зорчихдоо хувийн автомашинаас гадна тусгай чиглэлийн шуурхай автобусаар үйлчлүүлэх боломжтой. “UBUS” буюу шуурхай автобус үйлчилгээг “Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК нэвтрүүлээд байна. Тус компанийн шуурхай автобус дараах үнэ тарифаар иргэдэд үйлчилж буй юм.
ВИП жижиг оврын автобус | 5 хүний суудалтай | Нэг хүн – 20.000₮ |
Дунд оврын автобус | 15 хүний суудалтай | Нэг хүн – 15.000₮ |
Том оврын автобус | 45 хүний суудалтай | Нэг хүн – 10.000₮ |
Бүх төрлийн үйлчилгээнд 7 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчих боломжтой. “UBUS” шуурхай автобус нь Улаанбаатар хотын томоохон зочид буудлуудаас үйлчилгээ үзүүлэх тул иргэд гэртээ ойр зочид буудлаас автобусанд сууж, Нисэх буудлыг зорих боломжтой юм. Тодруулбал, “Улаанбаатар эйрпорт шаттл” компани Улаанбаатар, Чингис хаан, Кемпински, Новотел, Туушин, Рамада, Баянгол, Шангри-Ла, Blue sky, Holiday inn Ulaanbaatar hotel зэрэг есөн зочид буудалтай хамтран ажилладаг бөгөөд эдгээр буудлаас “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусны үйлчилгээ үзүүлдэг.