2021 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, амжилттай суралцсан сурагчдад нэг сая төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг Дундговь аймгийн Засаг дарга гаргажээ.
Тус шийдвэрийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн төгсөгч Цэцэгбаярын Сэвжиджалмаа, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн төгсөгч Батбуянгийн Одончимэг нарт өргөмжлөл, 1,000,000 төгрөгийг гардуулан өглөө.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оюутнуудад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, “Чадварлаг боловсон хүчин болж, төрөлх нутагтаа ирж ажиллан, нутаг орныхоо хөгжилд гар бие оролцохыг хүсье” гэлээ. Ц.Сэвжиджалмаа, Б.Одончимэг нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр курсэд суралцаж байгаа юм байна.