Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа болон хоцрогдол арилгах төлөвлөгөөг танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхэд нөхцөл байдал ямар байсан талаар дүгнэж үзье. Хоёр жилийн хугацаанд хичээл сургалтыг хаасан тул есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээс өөр арга байгаагүй. Ийнхүү хичээл эхлүүлэхэд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл нь вакцинжуулалт байсан. Хоёрдугаарт хүүхдийн дунд өвчлөл бага байсан. Тиймээс 5/9 зарчмаар танхимын сургалт эхлүүлсэн. Энэ нь зөв шийдвэр байсан. 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар илэрсэн. Сургууль, цэцэрлэгт халдвар голомтолж тархаагүй. Цаашдаа сургууль, цэцэрлэгийг хааж болохгүй зөвлөмжийг олон улсын байгууллагууд Засгийн газарт хүргүүлээд буй. Хоёр жилийн хугацаанд эцэг, эхчүүд, багш, хүүхдүүдийн дунд маш их зөрчил үүссэн. Тиймээс сургуулиудад сэтгэл зүйч ажиллаж байна. Дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэлээр унасан, ганцаардсан, айдаст автсан байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ жилдээ багтаж ерөнхий боловсролын бүх сургуулийг сэтгэл зүйчтэй болгохоор ажиллаж байна.
Өнгөрсөн намар хичээл эхлэхэд гарааны үнэлгээ хийсэн. Үүний үр дүнг танилцуулна. Эцэг, эхчүүд, багш нарын дунд судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүс 100 хувь танхимаар хичээллэх нь зөв гэж үзсэн.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургууль завсардалт нэмэгдсэн. Нийт 1934 хүүхэд сургууль завсардах өндөр эрсдэлтэй байна. Энэ нь 2019 оныхоос 60 орчим хувь өссөн үзүүлэлт юм. Тиймээс бид цаашдаа нэг ч хүүхдийг сургууль завсардуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.
Бага насны хүүхдийн хөгжлийн индекс жил бүхэн буурч байна. Тухайлбал, 7-8 насны 10 хүүхдийн зургаа нь л унших чадвар эзэмшсэн байна. Хоёр хүүхдийн нэг нь тоо бодох суурь чадвар эзэмшсэн байна гэх дүгнэлт гарсан. Хоёрдугаар ангийн хүүхдүүд уншиж чаддаг ч юу уншиж байгаагаа ойлгохгүй байна. Үндсэндээ сурагчид авах ёстой мэдлэг чадварынхаа 50 гаруй хувийг л авсан байна гэсэн үг. Хүүхдүүд англи хэл, түүх, физик, математик, нийгэм судлал, монгол хэл зэрэг суурь хичээлүүд дээр их хоцорсон байна. Сурагчид 1-12 дугаар ангидаа 3692 чадвар эзэмшсэн байх ёстой. Гэвч дөрөвний нэг буюу 5000 гаруй чадвар л эзэмшсэн байгаа юм.
Хоцрогдолд,
- багшийн заах арга зүй
- эцэг, эх асран хамгаалагчийн тусламж
- программын хэрэглээ
- багаар ажиллах ур чадвар
- гэрийн даалгавар
- ярилцлага
- сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг зэрэг гол нөлөө үзүүлсэн болох нь судалгаагаар тогтоогдсон.
Энэ хавар аль болох танхимаар хичээллэнэ. Хоёрдугаар сарын 14-нөөс танхимын сургалт эхэлнэ. Халдварын тохиолдол бага байвал танхимын сургалтыг үргэлжлүүлнэ” гэлээ.