2021 оны ургацаас стандартын шаардлага хангасан 269 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 12 аймгийн 613 иргэн, байгууллагад мөнгөн урамшуулал олгох ажил энэ сарын 1-нээс эхэлжээ.
Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд Хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд шаардлага хангасан буудай нийлүүлсэн байна.
Урамшуулал олгохдоо нэг тонн тутмыг нь 80 мянган төгрөгөөр тооцож, нийт 21.5 тэрбум төгрөгийг олгож байна хэмээн Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн билээ.